• 99220199
  • arkhust_net@yahoo.com
ИРГЭД, МАЛЧДАД ХҮРГЭХ МЭДЭЭЛЭЛ

Уламжлал ёсоор намрын дунд сарын15-ны билэгт сайн өдөр буюу энэ сарын 20-21-нд шилжих шөнө Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутаг "БАГА ЗАЛАА" хайрханд нутгийн малчид, шинжээчид байгаль дэлхийгээ ажиглаж, үхэр жилийн өвлийн өнгийн тухай дүгнэлт, таамаг дэвшүүллээ.

Тус арга хэмжээнд нутгийн иргэд, малчид, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Баянцагаан сум, Дундговь аймгийн Говь-Угтаал, Дэрэн сумын удирдлагууд болон Малчин телевизийн сэтгүүлч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Шагдарсүрэн нар оролцлоо. Байгаль дэлхийгээ ажиглах үйл явцыг Малчин телевиз бүхэлд нь сурвалжилж, нэвтрүүлэг бэлтгэсэн юм.

Малч ухаан, байгаль дэлхийгээ ажиглах эрдмийг өвлөн авсан хашир туршлагатай малчин, шинжээчид энэ жилийн өвлийн өнгийн тухай дүгнэлт, таамаг дэвшүүлэхдээ дараах хэд хэдэн зүйлийг онцолж ярилцсаныг хүргэе.

Тухайн өдрийн цаг агаарын температур +градустай дулаан, намуухан салхигүй, битүү манан буусан, өглөө нар хөөрөх үед тэнгэр цэлмэг болсон нь нутгийн иргэд, шинжээчдийн ярьж буйгаар сүүлийн 30-аад жилд ийм үзэгдэл болоогүй онцлог байлаа.

-Манан буусан энэхүү үзэгдэл нь цагийн байдалд хор нөлөө багатай бөгөөд өвлийн ерөнхий шинж нь 1997-1998 оны өвлийн дүр зурагтай адилхан байх магадлал өндөр байна.

-10 дугаар сарын дунд үед хур тунадас орох магадлалтай цаашдаа 1, 2 дугаар сард бага зэргийн цас унах, баруун урд талдаа үүдтэй, од мичдын тохиол багатай байна гэж үзлээ.

-12 дугаар сард хүйтний эрч бага зэрэг чангарч, өнгөрсөн хаврын цагийн байдалтай харьцуулахад ирэх хаврын цагийн байдал тогтвортой байхаар, жаахан хардуухан өвөл болох магадлалтай.

-Аймгийн урд, баруун тал нь гайгүй аятайхан орчих юм болов уу, хойд тал цастай байх магадлалтай гэсэн таамгийг тус тус дэвшүүлж хөөрөлдөв.

-Малчин телевизийн сэтгүүлч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Шагдарсүрэн ажиглалтын болон бэлтгэж буй нэвтрүүлгийн төгсгөлд хэлэхдээ “Энэ битүү их манантай намуухан, дулаахан энэ шөнийг шинжсэн манай мэргэн ардууд үндсэндээ айхтар зун болохгүй гайгүй өвөл болох байх, 12 сардаа хүйтрэх байх, цагаан сарынхаа наана цаанатай цас орох байх, жилийн хүйтний улирлын урьдчилсан прогноз мэдээллийг улсын ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасантай ерөнхийдөө нийцэж байгаа байдал ажиглагдлаа” гэсэн ерөнхий дүгнэлттэй энэ уулнаас бууж байна гэсэн юм.

Энэ жил ажиглалт хийхэд нэг хүндрэлтэй байсан зүйл нь "БАГА ЗАЛАА" хайрханы орчим нутгаар битүү манан буусан, бүрхүүлтэй байсан тул харж ажихад таатай биш байна гэцгээж байв.

Малчид Та бүхэндээ өвлийн бэлтгэлээ сайтар базааж,

Өвөлдөө өнтэй сайхан өвөлжихийн ерөөл өргөе.

2021-09-25 00:00:00